Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Монголын Цагаан Сар

дээр 4 сар 1, 2012


 

1.Цагаан сарын баярын үүсэл:

 

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн  мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ.   “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэнтэмдэглэдэг болсон уламжлалтай.  Монголчууд сүүг эх хүний  эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн  сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газараа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс. Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.

Энэхүү баярын голутга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаатоглоннаадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй,шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэнгурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь  хамгийн чухал зан үйл ажээ.

 

 

2.Цагаан сард хэрхэн бэлдэх:

Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана.  Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо  ариун тунгалаг  сайн сайхан бүхнийг билэгшээн золгон  угтана.  Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана.Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа  өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг  тусч хөдөлмөрч зантай. Цагаан сарыг үр хүүхдүүд нь ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтч зан заншилтай билээ.

 

 

3.Цагаан сарын идээний тухай:

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи.  Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад  “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.


 

4. Битүүний өдрийн учир:

“Битүүн” гэж нэрлэсэн нь битүүний өдөр хуучин оноо үдэн муу муухай бүхэн цаашаа дахин дурсахгүй болон давтахгүй гэсэн утгаар төгс дуусгавар битүүлэгдэж ирэх жилдээ шинэ соргог, ариун цагаан, гэрэл гэгээтэй, өгөөжтөй элбэг дэлбэг амьдарлыг билэгшээн шинэ оноо угтдаг байна.   Энэ өдөр бүхий л хоол ундаа хийж, ширээгээ засан харуй бүрийгээр айл, гэр бүлээрээ цугларан хамтран билэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг хоорондоо хөөрөлдөн,  ахмадууд үр хүүхдээ үлгэр, туульс ярихаас гадна шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, зэргээр тоглодог.  Монголчууд ямарч найр наадамд гэрийн хойморьт өрхийн тэргүүн ахмад гишүүн суудлаа эзэлсэн байдаг. Ахмад настан зочдыг дээш нь хүндэтгэн суулгадаг. Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг нь бор идээ өнгөрсөн болон эрээн барааны эцэс төгсгөлийг төлөөлдөг, цагаан идээгээр дуусгавар болгодог нь шинэ ондоо бүхнийг шинээр цэвэр ариунаар эхлэх билэг тэмдэг болдог байна. Айраг сархадыг монголчууд өндөр настанд идээний дээж болгон ёслон хүндэтгэн барьдаг байсан бөгөөд “40 хүрч дөнгөж амс”  гэдэг үг байдаг тул 40-өөс доош насныхан сархад хэрэглэдэггүй ах зах хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг сайхан уламжлалтай байжээ.

  .         Энэ үдэш мал ахуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Битүүний өдөр цадталаа идэн битүүрдэг. Идсэн хүн “за боллоо” гэж хэлдэгүйн ирэх ондоо өлсгөлөн өвчингүй орохын шинж гэдэг. Харин ”сайхан байна, өнгөтөй байна” гэж билэгшээн хэлдэг байна.

 

 

5. Мах буюу ууц тавих ёс

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Бусад махыг нь зөв огтлоход махны эх талыг мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
                                                                1.Толгой
                                                                2.Ууц
                                                                3.Өвчүү

                                                                4.Хаа
 
                                                               5.Гуя
                                                                6.Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь богино сээр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал бүтүүний өдөр ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвээ талаас нь барьж баруун гараараа өөхтэй нуруун талаас нь нимгэн зүсэж, өрхийн ахмад гишүүн буюу гэрийн тэргүүн эхэлж хөндөж бусаддаа хишиг болгон амсуулна.

            Монголчууд юугаараа баян түүгээрээ дайл гэлцдэгээс орж ирсэн зочидыг аяганы амсар зуулгахгүй гарна гэж үгүй, айл болгон ууц тавьдагүй, зарим ч үхрийн өвчүү болон бусад махнаас орлуулан тавьдаг байна.

 

6. Золголтын учир утга:

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж  байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу? гэж ахмад хүндээ хөөрөгний тагыг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг.

Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

            Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог ,ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна.

Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас  монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17 гаар зуунд Монголд шарын шашин монголд дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь  шашинтай хутгалдаснаар цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна.

 Урд цагт Цагаан сар тэмдэглэх гэж нэгэн айл гэр орноо зарж хотол олонтойгоо сайхан тэмдэглэж байсан бөгөөд тэр айлын амьдрал ахуй нь дээшилж сайхан амьдарсан гэж хөгшид буурлууд маань домог болгон өгүүлдэг. Монголчууд Цагаан сар баяраар сайн сайхныг эрхэмлэн бэлэгшээн сэтгэл оюу санаагаа ариутган хийдгээс өөрсөндөө эрч хүч итгэлийг олдог байна.

 

Ашигласан мэдээлэл: 

                         /Ч.Арьяасvрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” Гутгаар боть/

                            Даяар Монгол М.Шидхүү Тавгийн идээ засах ууц тавих ёс

 

                        Түүхээс харахад: www.sonin.mn/С.Дулам: Ёс заншлаар бол Ерөнхийлөгч л их бүхэл тавих ёстойболон www.mongoliandream.mn/Ууц бол Монголчуудын аман хишгийн бэлэгдэл.

 

XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”-ын 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гээд их сайхан үг хэлсэн байдаг.

“Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан баримт байдаг.

XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Цагаан сар гэдэг чинь жинхэнэдээ бөөгийн ёс. Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.

 

 

С.Үзмээ

 

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: