Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

МОНГОЛ Э…

дээр 4 сар 1, 2012

ImageМОНГОЛ ЭХ ХҮН

 

 

            Монголчууд бид эх хүнийг эрт дээр үеэсээ эрхэмлэн хайрлан дээдлэж ирсэн. Монголд ямар ч насны хүмүүс сэтгэлдээ эхийгээ ил болон битүүхэндээ тээж явдаг. Үүний нэг баталгаа нь эхийн тухай дуу, шүлэг тоолоод барашгүй олон. Монголчууд бид сэтгэлээсээ найр наадам, урлагын тайз, сургуулийн хонгил, гудамж талбай, хээр тал, машин тэрэг гээд л хаа байгаа газартаа эхийн тухай дууг дуулж, сонсож, аялаж явдаг хүмүүс. Хүн болгон л ээждээ нэг очих юмсан, ээжийгээ санаж байна, ээждээ нэг загнуулах юмсан, ээж минь, ээждээ гэж үргэлж ярьж ижийгээ дурсдаг. Яагаад Монгол хүмүүсийн сэтгэлийн уяа нь Ижий хүн болсон бэ? Энэ асуултыг миний өчүүхэн бие эргэцүүлэн бодож үзсэн. Гэхдээ хүн болгоны бодол өөр. Монгол эх хүний хүүхдээ асран хүмүүжүүлж өсгөж байгаа арга нь бусад орнуудыг бодвол өөр юмаа. Монгол эх хүн үрийнхээ зулайг үнэртсэн тэр цаг мөчөөс эхлээд эх хүний хайрыг шингэтэл үрээ өсгөж хүмүүжүүлсэн гэж би хувьдаа бодож байна. Ээж нь үрдээ хайртаа шүү гэж чихэнд минь шивнээгүй ч ижийнхээ хайрыг Монгол хүмүүс сэтгэлээрээ мэдэрч Ээж минь намайгаа л гээд харж байгаа, хүлээж байгаа гээд л өөрийн эрхгүй тэмүүлдэг.

 

            Монгол Эх хүн хүүхдээ хөхүүлэхдээ зүгээр нэг хөхүүлээд хооллосон болоод цааш нь унтуулчихдаггүй. Хөхүүлж, угжиж байхдаа хайраа илэрхийлэн өхөөрдөн, илэн таалан үнэрлэн үнсдэг. Хөхүүлж байхдаа хүнтэй ярьж хөхүүлдэггүй нь хүүхэд сүүндээ хахдаг.  Хүүхдээ хуурайлж байхдаа ч хайраарай эвийлэн өхөөрдөн, үрээ хараад баясдаг. Монгол Ижий нар хүүхдээ нялх насанд нь үргэлж дэргэдээ бүүвэйлэн унтуулдагаас гадна үрдээ анхаарлаа хандуулж шөнө дуг хийхдээ сэргэг соргог амардаг. Гэрийн ажлын хажуугаар хүүхдээ анхаарал халамжаа тавин салхилуулах, үргэлж өвөр дээрээ тэврэх, хэдхэн сартай байсан ч хамаагүй хүүхэдтэйгээ ярьж хөөргөн онгироодог. Монгол эхийн хайр хүүхдэд хайрлах энэрэх сэтгэл өгдөг. Монгол Ээж хүүхэдээ амьдралыг өөрийн хийж байгаа ахуй үйлдлээрэй болон ярьж захиж хүмүүжүүлдэг. Гэр цэвэрлэж, хоол ундаа хийхээс гадна ихэнх Монгол ээжүүд гарын дүйтэй. Дээл хувцас, гэрийн бүслүүр хөшигнөөс гадна гутал малгай хүртэл оёж, түүнийгээ гараараа хатгамал хатгал гоёлохоос гадна ноос ноолуураа ээрэн янз бүрий юм нэхнэ. Муухан эр хүнээс дутахгүй, сандал ширээ, оньс түлхүүрээ хүртэл засаад хадаад янзалчихана. Малаа сааж, малынхаа сүүгээр бяслаг, ээдэм, өрөм тараг, ааруул хурууд, аарц ээзгий, шар тос, зөөхий, хоормог, айраг шимийн архи гээд сүүн бүтээгдэхүүнээр юу л хийж болно тэр бүгдийг хүүхдээ асран хүмүүжүүлэхийнхээ хажуугаар амжуулна.  Энэ нь монголчууд бидний сэтгэхүйг сэтгэхээр хөгжүүлдэг болов уу. Монгол хүний ганц онцлог бол юмыг хараад ургуулан бодож сэтгэж чаддаг. Энэ нь Монгол Ижийн гавъяа гэж хэлхээр байна. Бэлэн юман дээр өссөн хүүхэд, байгаль болон эхтэйгээ харьцаж өссөн хүүхдийн сэтгэхүй хоорондоо ялгаатайн амьдрал дээр харагдаг.

 

            Монгол Ээж хүүхдээ загнаж зандардаг ч хал нь гаднаа хайр нь дотроо гэж Монголчууд бид ярьдаг. Загнаж зандарснаар хүүхдийн эрхийг зөрчиж халдаж байгаа хэрэг биш, харин ч хүүхдэд  буруу зөвийг нь ухааруулж ойлгуулж хатуужил, хүнээс ямар ч үг даах чадвартай, сэтгэлийн тэнхээ хүч өгдөг. Хүүхдээ буруу юмнаас өмөөрдөггүй, эрхийн мангар болгохыг хэн хүсэх билээ. Монгол хүүхэд эхийгээ хүндлэн хайрладагаас эхийнхээ өөдөөс том үг дуугарч алдас болдоггүй. Үүний нэг жишээ Монголчууд бидний бахархал болсон Эзэн Чингис хаан маань хаан байсан ч эхийгээ дээдэлж ижийдээ ёсолдог байсныг хүн болгон түүхээс мэднэ. Хаанахын хэн ч болсон ч Ижийтэй хүн, эхдээ л хайрлагдан хамрагдана. Монгол эр хүний ухаанаар гэргийдээ халамж хайраа хандуулдаг, үр хүүхдээ эцэг талаас нь сургаад өгдөг нь гэр бүлийн гол ноён нурууг бат бэх болгодог нь эр хүний нэг ач гавъяа юм.

 

            Монголчууд бид эх үрийн холбоо гэж ярьдаг. Энэ нь эх хүн үрээ гэсэн сэтгэл зүрх нь үргэлж уяатайгаас гадна үрийнхээ төлөө сайн сайхан бүхнийг зориулж аз жаргалыг бэлэгшээдэг. Үүгээрээ ч монголчууд бид сүүн цацлаа өргөдөг. Монгол Ижий үр хүүхдээ эцэг тэнгэр, эх дэлхийдээ даатган сүүн цацал, өглөө болгон чанасан цайны дээжээ сэтгэлээсээ ерөөн өргөдөг. Цацал өргөхөд бас учир бий. Толгой нүцгэн, үс задгай, хөл нүцгэн, час хийсэн халуун цай өргөхийг цээрлэнэ.  Алганы ам дээш харуулан халбагаа барин өвөг дээдэс, эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүүн цацлаа өргөн сайн сайхан ерөөлийн үг хэлнэ. Амандаа орсон үг хэл болгоныг хэлж болохгүй. Монгол хүний амны бэлэг, ашдын бэлэг гэж хөгшид буурлууд маань үргэлж сануулдаг билээ.

 

 Монгол Ижийн хүүхдээ хүмүүжүүлж эх орондоо хэрэгтэй иргэн болгосонд нь нүсэр их хөдөлмөрийг үнэлж улсаас Алдарт Эхийн 1,2 одонг олон хүүхэдтэй ижий нарт олгодог нь бахархууштай.

 

Монголын төгөлдөр гоомарал болсон эмэгтэйчүүдэдээ олон улсын эмэгтэйчуудын баярын мэнд хүргье.

 

 

 

С.Үзмээ
Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: