Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Дурсамж –1980 оныхоны үерхэл

дээр Есдүгээр сар 20, 2013

Дурсамж –1980 оныхоны үерхэл

Бидний үеийн идэр насныханы үерхэл одоогийн зарим залуучууд шиг машин техник, үнэтэй шошго зүүсэн хувцас хунар ярьсан зугаа цэнгэл хөөцөлдсөн залуучид байсангүй. Тэрхэн үеийн нийгэмдээ тохирсон бодож санасан зүйл байхгүй гэнэн цагаахан залуучид хоорондоо үерхэл гэдгийг бишүүрхэлийн маягтайгаар сэм сэм харалцана. Шилжилтийн насныхан байсан болохоор ч тэр юм уу нэг л толгойгоо даасан том хүн болохын хүсэл их байлаа. Мэдээж тэр насныхан хүүхэд наснаасай салах гэж ядаж байгаа, биеээ даасан томчуудын амьдралд хөл дөнгөж хагас дутуу гишгэж эхэлж байгаа хэрэг. Зарим нь зөрүүд чихгүй толгойноосой болоод их л бүдэрдэгсэн. Тэрхэн гэнэн насыг минь зарим туршлагатай гарууд овжноор ашиглаад хаячихна.
Одоо эргээд бага насаа бодоход бид их хөөрхөн бас их хөгжилтөй байжээ. Арван жилд байхад польтоны халаасанд нэр нь мэдэгдэхгүй гурвалжин дөрвөлжин хэвхсэн хайрын зурвасууд их авна. Зурвасан дээр голдуу “чи надад их таалагддаг, би чамайг харж явдаг, би чамд сайн болчихсон юм шиг, хэрэв чи надтай үерхэхийг хүсьч байгаа үгүйг би мэдэхгүй байна “ гэх мэт ирнэ.
Охидууд болсон хойно дотны найзтайгаа хамт нөгөө зурвасаа аваад л пижигнэтэл гүйлдэж, сургуулийн булан тохойнд очиж уншин тэр юм бол уу энэ юм бол уу гээд л жиг жуг шивгэнэлдэнэ. Таасан таалагдсан хөвгүүнээ сэм сэм хараад л өөрөөсөө ичнэ. Болоогүй бас түүндээ харагдаж, тааралдах гэж тэдний байр болон явдаг замаар нь эргэлдэж юу ч болоогүй юм шиг урдуур нь алхана.
Зарим хөвгүүд таалагдсан охиноо шоглож өдөж зүгээр байлгахгүй. Зарим нь бол орцноос нь салахгүй, эсвэл дагаж явдаг, цонх руу нь жижиг чулуу шидэж дууддаг байв. Тэр үед цөөхөн айл гэрийн утастай байв. Тэгээд л утсаар ярина, ярих гэждээ ихэнхдээ нэрэлхээд дуугуйхэн бие биенээ чагнаад гацчихана. Утасны өлгүүр гэдэг хочтой байдаг байв. Ямарч хувилбараар бай хоорондоо тоглож наадаж байгаад л нэг мэдэхэд үерхэж эхэлнэ дээ.
Тэр үед “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж арван жилийн үерхэлийн тухай оросын кино гардаг байлаа. Тэр кино бидний үеийхэнд их нөлөөлсөндөө. Жижигхэн охидуудыг Катя гэж нэрлээд том хамартай хөвгүүдийг Роман гэж дуудаад л байдаг байв. Бас байрны хаалганы хананд тэрэн дээр нэмхэн тэр , тэнцүү ЯТОЛ (Я тебя очень люблю) гээд хадаасаар сийлчихнэ. Эцэг эхчүүд их л дургүйцэж дарж будаад л байдаг нэмэр алга.
Банзан гитартай орцонд зохиолын олон сайхан үерхэл хайрын тухай дуу дуулж орцны ээж аав нарт заримдаа хөөгдөнө.
Зохиогчын нэр байхгүй дуунууд ам дамжин их л дуулна. Мэдээж хэн нэгэн зохиосон л байгаа.
Сартай шөнөөр танай цонх
Саравчны цаанаас гэрэлтээд байна
Сайхан чинийхээ царайг хараад
Санаа амар буцах юмсан

Харанхуй шөнөөр танай цонх
Хашааны цаанаас гэрэлтэйд байна
Хайртай чинийхээ царайг хараад
Хажуу амар харих юмсан

Охидууд бид болсон хойн сэтгэлийн уяхан халилаар өөрөөр бас дуулдаг байв.
“Хорвоо хорвоо чи ширүүн хорвоо
Хүсэл хайрыг минь үгүйсгэж чаднаа

Өнөр баян хорвоо чи
Үерхэлийг бас үгүйсгэж чадна” гээд сэмхэн орон дотроо нулимас бөмбөрүүлнэ.

Байшингийн булан, хүүхдийн паркийн саравчинд болзон зогсож, шиврээ бороо шивнээ үг гэж өөрсдийгөө өхөөрдөнө. Унадаг дугуйн дээр хамт сундалцаад, гар гараасаа хөтлөзөн гудамжаар алхан, хамт хаяа кино үзэж баясана. Бидний үед ямар очих газар олон байсан бишдээ . Хүүхдийн паркаар зугаацан, мангасын аман дээр гулган, хоорондоо ирээдүйн тухайгаа их л мөрөөдөн ярьдаг байлаа. Хэр баргын амархан эцэг эхийн гараас мултран гэж байхгүй заавал нэг шалтаг хэлж байж гардаг байв. Эцэг эх болсон хойно хичээлээ хий, гадуур битгий тэнээд бай гэсэн шаардлага тавина. Улсын шалгалт өгнө гэдэг нэрийдлээр олон зуун хичээлийн асуултад хариулж бичиж, түүнийгээ билет гэж нэрлээд уншиж давтан гэж өглөө эрт босож, далимдуулан болзоонд гардаг байв. Бас ээж аав нь томилтоор гадаад юм уу, хөдөө явсан айлд нийлэг гэж хийж, хөгжим сонсож, дуулан бүжиглэнэ.
Охидууд болсон хойно байгаагаараа гоёж, таалсан хөвгүүдээ таалагдах гэж хичээнэ. Амьдрал өөрөө тэмцэл , зарим адтай охидууд олон ч хөвгүүдийг араасай байлдан дагуулан өөрсөндөө бардам халхын хөвгүүд вагон вагоноор дүүрэн байна гэж даналзана. Зарим нь халхын хөвгүүд ямар хаданд авирчихсан биш гээд уужуу тайвнаар хүлээлцтэй хандана. Хөвгүүд бол шал өөр, тэд тэмцэлд дуртай баатарууд. Өөртөө таалагдсан охидоо гандан буурахгүй үзэлцэж байгаад л зарим нь аваад үерхчихнэ дээ. Үерхдэг хосууд сургуульдаа хамт явахдаа охиныхоо цүнхийг барьж гараасай хөөрхөн хөтлөзөөд сургуульдаа явдаг байв. Нэг ангийхан сурагчийн ширээний ард багшийн нүдийг хариулж байгаад л толгойгоо нийлүүлэн хоорондоо эрхлэнэ.
Зуслан дээр танилцсан найзууд бас өөр хоорондоо хөөрхөн адал явдалтай үерхэнэ. Ажилчдын автобус өглөө эрт хөдөлж, бид нэг зуслангаар хийх ажилгүй хүн шиг сэлгүүцдэгсэн. Орой үдэш болохоор хоорондоо өдөр уулзалдаагуй юм шиг л жинхэнэ болзоонд гарна даа. Хоорондоо нас насаарай ялгагдана бүлэг хэсэг болон шөнө зуслангийн замаар зугаацан алхан, зам дээр од тоолон хэвтэн сэм гар гараасай барилцан, ой модон дотор үүр цайтал аймшигийн үлгэр ярьж бие биенээ чочоон инээлдэн хөгжилдөнө. Жимс, самар, түлээ, усанд хамтдаа явна. Хоосон айлын байшинд гишүү мөчир түүж, түүндээ зэс утас ороож байгаад л гэрээсэй чийдэн авчирч байж, айлын тогыг асаан банзан гитар дээр дуулан бүжиглэж гарч өгнө дөө. Зуслангаас бууж хотод ирсэн хойноо хүртэл одоогийн түүхийн музей гадаа болзож бас л банзан гитараа хангинуулан дуулан бүжиглэнэ.

Тэр үед бие биедээ шоколад, шоколадны цуглуулга хамгийн том бэлэг, орос дэлгүүрийн амтлагууд чихэр жимс, чихмэл тоглоом олдвол өгдөг байв. Тэр үед бараа ховор байсан үед чихэр бохио хуваалцан идэж, замын хар, модны давирхай, үнэртэй усны резин бөглөө хүртэл тас тас зажладаг байв. Сургууль сургуулийн үдэшлэг хэсэн бие биентэйгээ даашинзаа солилцон өмсөж, дотны найз охидууд гэр гэрээсэй салахгүй найзлана. Бие биенээ хүргэж өгч байгаа гэж автобусны зогсоол дээр буу халан, автобус зогчихсон, тэгээд л нэгнийдээ хонон шөнжингөө хуурч өгнө дөө.
Бид бас дурсгалын дэвтрийн аян явуулдаг байв. Их хөөрхөн зураг, шүлэг, бодлого, зохиолын дуу, сэтгэлийн үг бичилцдэг байлаа.
Зарим нэг хоёр насны ах хөвгүүд нь орос болон баруунд дээд сургуулийн хуваарь авч явчихна. За тэр үед сэтгэлийн шаналгаа гэдэг чинь эхэлж, бие биенээ үгүйлэн хоёр талд хоорондоо захидал шидэлцэнэ. Ямар гоё байсан гэж сананаа, дараагийн захиаг тэсэн ядан хүлээнэ. Одоо хайрын захиа байтгугай жирийн захиа ч үгүй болж. Захидал миний бодлоор хол ойрыг ойртуулдаг сэтгэлийн мэдрэмж байв. Одооны зурвас (тест, мессэж) сэтгэлийн гүний мэдрэмж алга болж, хийсвэр зүгээр л байдаг асуудал болж хувирсантай холбогдож хүний дотоод чанар мэдрэмж суларсан алдагдсан мэт санагдана.
Дурлалдаа үнэнч, хамтдаа үхнэ гээд л их олон сүржин сайхан үгээр бие биедээ тунирхан хэлдэг байв. Хайр, дурлал, шохоорхолоо ч ялгаж мэдэхгүй гэнэн хонгор идэрхэн нас минь зуравхан зүүд мэт өнгөрөв.
Залуу насанд томчуудын ертөнцийн олон арван шалгаруултад алдаа, оноо бий ч амьдрал өөрөө их баялаг, цаг цагийн аясаар суралцсаар, эргээд дурсах дурсамж олонтой, амьдралын баялаг түүх үргэлжилсээр сэтгэл хангалуун.

Бичсэн: С. Үзмээ 09/20/2013

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: