Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Монгол гайхамшиг

дээр Нэгдүгээр сар 29, 2014

Монгол гайхамшиг

Араг үүрч аргалаа түүсэн
Аагтай цай чанан гэрээ бүлээцүүлсэн
Алтан дэлхийдээ дээжийг нь өргөн
Амраг ханьдаа цайгаа аягалсан

Аргалын утаанд борц сэрвээсэн
Агийн тал нутагтаа гоньд ногоо түүсэн
Амтат хоолоороо бусдыг дайлсан
Амь нэгтэй монголчууд билээ бид

Үүрийн гэгээнээр нартай уралдан босч
Үнээний дэл шувтаран
Саалийн сүүгээ хувингаар бялхуулсан
Сүүн цацлаа хангай дэлхийдээ өргөдөг билээ

Тоонот гэртээ тогоо дүүрэн өрөмөө сагсайж
Тос шаргалтуулсан хайлмаг хайлуулж
Хуруу дарам цагаан ааруул сэрвээж
Хугс шимийн нэрмэлээ шимтэнэ

Хөхүүр дүүрэн саамаа бүлэн
Хул хул айрагаан исгээж
Хотол олноороо цуглан
Хуруу талцан дэмбээдэнэ

Хээр талын уудам хөндийд
Үлэмжийн төгөлдөр хоолойгоор
Хээр морьны нуруун дээр
Уртын сайхан дуугаа уянгалуулан давхина

Хөвч ойн хөндийд
Хөөмий аялгуугаа исгэрэн
Хонь ямаагаа хариулан
Хорвоогийн жаргалыг эдлэнэ

Хос бөхтөй тэмээгээ унаад
Алтан элсэн манхан далайн
Хөндийгөөр товор товор тэгшүүлэх нь
Амьдралын нэгэн жаргалаа

Морин хуурын хөг аялгуу нь
Монголын нутаг даяар эгшиглэн
Хүн, амьтны сэтгэлийг уяраан
Хосгүй нандинг холбодгоороо гайхамшиг

Манлай морьдын хийморийг сэргээсэн
Монгол хөвгүүний жавхааг шалгаруулсан
Эрхий мэргэн харваачдын хараа
Эрхийн чадлыг сорьсон оноо байтай

Эр хүний бяр тэнхээг сорьсон
Эрхэм бөхчүүдийн ухааныг уралдуулан
Магнай бөхийн даваатай
Монгол эрийн гурван наадамтай

Нарны элч, цаг зүг тодорхойлсон тоонотой
Наян найман унь, түшиг болсон хос баганатай
Хавсарц угсрах таван ханатай
Хорвоод нүүхэд хялбар сууцтай

Малын шимээр бойжиж
Монгол ахуйгаа уламжилсан
Монголын үр сад бид
Манлайлан урагш хөгжих нь лавтай

Дөрвөн цагийн улирал дагасан
Дэндүү сайхан заншилтай
Дэлхийн төвд орших
Дэлгэр монгол орон

Өвгөд дээдсээс уламжлан ирсэн
Өв болгон бидэндээ үлдээсэн
Үнэт газраа бүү хөндөөч
Үрс хойчдоо хэвээр нь үлдээгээч

Үнэт баялгыг эзэмшилгүй яахав
Үйлийн үзэж сэндийчээд яахав
Эх газраа хайрлан эзэмшиж
Энэ дэлхийдээ эзэн нь болцгооё

С. Үзмээ
01.28.2014

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: